Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар анги нь Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд эдүүгээ үүсгэн байгуулагдаад 33 жил болж байна. Анх СНЗ-ийн 1963 оны 7 дугаар сарын 3-ны 328 дугаар тогтоолоор жилдээ 100.0 тонн хайлуур жонш бэлтгэн экспортод нийлүүлэх үүрэгтэйгээр Дорноговь аймгийн Хар-Айраг суманд онцгой дэглэмийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони байгуулагдсан нь одоогийн Авдрант дахь хорих ангийн эхлэл байсан.

Хар Айраг дахь колони нь СнЗ-ийн 1982 оны 313 дугаар тогтоолын дагуу байршлаа өөрчилж Төв аймгийн Лүн сумын Авдрантад нүүдэллэн ирж суурьшсан байна.Нүүлгэн шилжүүлэх ажиллагааг 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 06 цагаас оройн 20 цагийн хооронд зохион байгуулж, 480 км замыг туулсан тухай тэр үед ажиллаж байсан ахмадууд дурсан ярьдаг. Үүний дараа 1984 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн НАХЯ-ны Сайдын 1004 тоот тушаалаар Ганц худаг дахь урьдчилан хорих төвд байрлаж байсан гянданг Авдрантад шилжүүлэн байрлуулсан. Монгол Улсын Их хурлаас 1993 оны шинэчлэн найруулж батлан гаргасан Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд “Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд хугацаагүй хорих ялаар солино” гэсэн заалт бий болж хорих ял эдлүүлэх дэглэмд нэмэлт эрх зүйн зохицуулалт хийгдэх болсноор “Хугацаагүй хорих тусгай салбарыг”-ыг  байгуулах эрх зүйн үндэс тавигджээ.Ийнхүү Авдрантын хорих ангид гяндан,хугацаагүй хорих тусгай салбар, онцгой, жир гэсэн дэглэмд хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон ялтнууд ял эдэлж байжээ.1996 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоол гарч Авдрантын хорих ангид байрлаж байсан хугацаагүй хорих тусгай салбар, гяндангийн ялтнуудыг 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Таширын аман” дахь Хорих 405 дугаар анги руу нүүлгэн шилжүүлсэн.

Онцгой дэглэмтэй хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл нь Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаас олборлосон ногоон, хүрэн, боржин болон гантиг  чулууг боловсруулах явдал байсан. Засгийн газрын 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 188 дугаар тогтоолын дагуу Дархан-Уул, Булган аймаг дахь жирийн дэглэмтэй хорих ангийг онцгой дэглэмтэй, Авдрант дахь хорих ангийг жирийн дэглэмтэй хорих анги болгон тус тус өөрчлөн зохион байгуулсан.ШШГЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1062 дугаар тушаалаар “403 дугаар нээлттэй хорих анги” болгон өөрчилсөн.

Тус ангийн үе үеийн удирдлагууд :

  1. Хурандаа Д.Дорж -1982-1989 он
  2. Хурандаа Д.Бадамзул -1989-1990 он
  3. Хошууч Г.Түдэвдорж -1990-1991 он
  4. Дэд хурандаа Л.Мөнхжаргал /үүрэг гүйцэтгэгч / 1991-1992 он
  5. Хурандаа Х.Уламбаяр -1992-1993 он
  6. Хошууч Ж.Чулуун – 1993-1994 он
  7. Хурандаа Ж.Нямдаваа -1994-1996 он
  8. Хурандаа Г.Мөнхбаатар -1996 он
  9. Хурандаа Ц.Дамдин -1996-1997 он
  10. Хурандаа Ц.Энхбат -1997-1999 он
  11. Дэд хурандаа Д.Давхарбаяр 1999-2000
  12. Хурандаа Б.Идэрмөнх -2000-2000 оны 10 сар
  13. Хурандаа Д.Дамдинцэрэн -2000-2003 он
  14. Хурандаа Д.Ганхуяг -2003-2007 он
  15. Хурандаа В.Хосбаяр 2007 оны 06 сараас 2007 оны 09 сар
  16. Хурандаа Л.Өлзиймөнх -2007-2009 он
  17. Дэд хурандаа Б.Амарбаясгалан -2009-2013
  18. Хурандаа Г.Тамир -2013-2014
  19. Дэд хурандаа Б.Баттулга -2014-2015
  20. Дэд хурандаа Б.Наранбаяр 2015 -2017 он
    21.Хурандаа П.Мөнхгэрэл 2017 оны 07 дугаар сараас эхлэн ангийн даргаар ажиллаж байна.
Scroll To Top